{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
П.ОЮУНГЭРЭЛ: ТӨСЛИЙН ЗЭЭЛ ЯГ ХЭРЭГТЭЙ ҮЕД МИНЬ МАШ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛЖ ЧАДСАН

админ,   3 сарын 23, 2022


ТӨСЛИЙН ЗЭЭЛ ЯГ ХЭРЭГТЭЙ ҮЕД МИНЬ МАШ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛЖ ЧАДСАН

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлж буй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээл олгох хөтөлбөрт хамрагдсан Өвөрхангай аймгийн бичил бизнес эрхлэгч “Хамтын хүч” оёдлын бүлгийн ахлагч П.Оюунгэрэлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Mesp     

- Та анх ямар зориулалтаар хэдэн төгрөгийн зээл авсан бэ?

-  Бид анх гурвуулаа нийлж бизнес эрхлэхээр шийдээд 10 сая төгрөгийн зээлийг тоног төхөөрөмж авах зориулалтаар хоёр жилийн хугацаатайгаар 2019 онд анх авсан. Харин одоо долуулаа болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн  зээлээ 2021 онд төлөөд дуусгасан байна.

 

 

-  Ямар тоног төхөөрөмж авсан бэ? Хэрэгцээтэй тоног төхөөрөмжөө авч чадсан уу?

-  Зээлийн хөрөнгөөр өөрт дутагдалтай байсан бил хэрээсний, шулуун оёдлын болон тусгай зориулалтын машинуудыг худалдаж авсан. Өмнө нь захиалагчдын хүсэлтийн дагуу монгол болон европ хувцас захиалга, засвар үйлчилгээ хийдэг байсан бол тоног төхөөрөмжтэй болсноороо бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, хүүхдийн хувцасны чиглэлээр масс үйлдвэрлэл болон захиалгын ажлуудыг гүйцэтгэх боломжтой болсон.

-  Өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгөтэй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон гэж ойлголоо. Тийм үү?

-  Тийм ээ. Энэхүү зээлд хамрагдсанаар эргэлтийн хөрөнгөтэй болох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр бий болгох зэрэгт чухал хувь нэмэр оруулсан. Бид зээлээ төлөөд дууссан ч гэсэн дахин хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй холбоотойгоор камза болон зарим нэг тусгай зориулалтын машин нэмэлтээр суурилуулах, даавуу болон бусад материалаа татаж авах зэрэгт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа ч гэсэн бага багаар нь болгож л байна. Материалаа аймгаас авахад илүү өндөр үнэтэй, чанар, өнгө зөрөх зэрэг асуудлууд гардаг тул Улаанбаатар хотоос өөрсдөө очиж авдаг.  

-  Гурван хүн хамтарч эхэлж байсан бол зургаан хүнтэй болж шинэ ажлын байр бий болгож чадсан байна?

-  Бид гурав тэтгэвэртээ гарсан. Гэхдээ 3 залууг сургаж, дадлагажуулаад хамтран ажиллаж байна.

-  Төслөөс хэрэгжүүлдэг бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт зээлийн өмнөх болон дараах сургалт багтсан байдаг. Энэ сургалтын үр дүн ямар байсан вэ?

-  Зээлийн өмнөх сургалтад хамрагдсан. Сургалтын хөтөлбөрт төсөл яаж бичих, маркетинг, менежментийн төлөвлөгөөг хэрхэн хийх гээд  олон талын мэдлэг олгох зүйлүүдийг багтаасан учраас маш үр дүнтэй санагдсан.

-  Зээлийн дараах сургалтад бас хамрагдсан уу ? Энэ сургалтаас та ямар шинэлэг зүйл сурсан бэ?

-  Бидний хувьд энэхүү сургалтад онлайнаар хамрагдсан. Зээлийн дараах сургалтаар бизнесээ хэрхэн авч явах, бүлгээр хэрхэн амжилттай ажиллах талаар сургалтууд орсон. Бид багаар ажиллаж байгаа учир бие биеэсээ харилцан суралцах, мэдэхгүйгээ асууж тодруулах, чаддаг зүйлээ хуваалцах боломжтой байдаг нь үйлдвэрлэлийн бүтээмж өндөр байхад нөлөөлдөг. Тиймээс бид одоо ажлын байр түрээслээд үйл ажиллагаагаа амжилттай явуулж чадаж байгаа.

-  Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгодог өөр ямар нэгэн дэмжлэгт хамрагдсан уу?

-  Бид хөдөлмөрийн хэлтсийн байрыг түрээсэлж байгаа. Бусад ажлын байртай харьцуулахад түрээсийн төлбөрийн хувьд арай хөнгөлөлттэй. Бид долоон хүнтэй болоод арай том өрөө түрээслээд ажиллаж байна. Түрээсийн хөнгөлөлт байдаг бол хамрагдах хүсэлтэй байдаг.

Mesp

-  Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-  Бидний хамгийн ойрын зорилт бол хүүхдийн хувцасны брэнд гаргаж, аж ахуйн нэгж болох юм. Аж ахуйн нэгж болж чадвал өөр бусад жижиг дундын зээл, дэмжлэг авахад арай илүү дөхөм байдаг гэж сонссон.

-  Зээлийн дараах болон өмнөх сургалтад цахимаар хамрагдсан байна. Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ бизнестээ хэрхэн  ашиглаж байна вэ? Сул тал нь юу байв?

-  Маркетинг явуулах арга, зах зээлийн журмаар бизнесээ яаж авч явах, үнэлгээгээ хэрхэн хийх, өртгөө хэрхэн тооцох, хөрөнгө санхүүгээ яаж хуваарилах зэрэг сургалтуудаас олж авсан мэдлэгээ өдөр тутамдаа бизнестээ ашиглаж байгаа. Цахимаар сургалтад хамрагдах нь бидний хувьд шинэ, суралцаагүй зүйл байсан тул зарим нэг бэрхшээлүүд тулгарсан.  

-  Оёдлын захиалгаа яаж авч байна вэ?

-  Манай аймагт хүүхдийн хувцасны үйлдвэрлэл байдаггүй. Хичээл сургууль эхэлсэн учраас массаар болон захиалгаар бага насны хүүхдийн цэцэрлэгийн болон биеийн тамирын хувцасны захиалга аваад ажиллаж байна.

-  Та ямар мэргэжилтэй вэ?  үндсэн мэргэжил нь оёдолчин уу?

-  Миний үндсэн мэргэжил нягтлан бодогч. Өндөр насны тэтгэвэрт суугаад оёдол хийдэг болсон.

-  Танд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар санал, санаачилга байна уу?

-  Өөрсдийн бизнесээ шинээр эхэлж буй бичил бизнес эрхлэгч нарт жилдээ нэг удаа буцалтгүй тусламж байдаг бол хамрагдах хүсэлтэй байдаг.  

-  Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн үр дүнг юу гэж дүгнэх вэ?

-  Хэрэгтэй үед минь маш том дэмжлэг болж чадсан. Бусад зээлүүдийн хүү өндөр, түрүүлж зээлийн хүүгээ төлж, үндсэн зээл нь хасагддаггүй талууд байдаг. Материал болон тоног төхөөрөмжөө худалдан авахад боломжийн хэмжээгээр дэм болсон. Яг хийж бүтээе гэсэн хүнд нь хэрэгтэй үед нь олгочихдог, шалгуур нь боломжийн, хүү багатай энэ төрлийн зээлийн арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай санагддаг.

-  Ковидын хөл хорионы үед ажил нь бүрэн зогссон уу? Гайгүй юу?

-  Яг хөл хорионы үед зогссон. Ковидын үед үйл ажиллагаа маань бүрэн зогсоогүй ч гэсэн захиалгын тоо эрс багассан. Энэ үед дэмжлэг үзүүлсэн төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон та бүхэнд баярлалаа.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 




Судалгаа, Мэдээлэл