админ, 4 сарын 20, 2022
Д.ГАНТУЛГА: СУРГАЛТААР ОЛЖ АВСАН МЭДЛЭГ, СУРСАН ЗҮЙЛҮҮД МААНЬ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД ХЭРЭГ БОЛСООР БАЙНА
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээл олгох хөтөлбөрт хамрагдсан Өвөрхангай аймгийн “Болор” нийтийн халуун усны газрын захирал, бичил бизнес эрхлэгч Д.Гантулгатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
- Та ямар бизнес эрхэлдэг вэ? Анх хэдэн онд ямар зориулалтаар бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авсан бэ?
- Манайх нийтийн халуун усны газар ажиллуулдаг. Анх нэг том, дөрвөн жижиг өрөөтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Төслөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2020 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 10 сая төгрөгийн зээл авч нэмэлтээр халуун усныхаа 3 өрөөг тохижуулж, засварласан. Одоо зээлээ бүрэн төлж дууссан байна.
- Зээлд хамрагдах шалгуур ямар байв?
- Анх бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хүү багатай олгож байна гэж сонсоод бүртгүүлсэн. Хөтөлбөрийн шаардлагын дагуу материалуудаа бүрдүүлж банканд өгсөн. Банк яг өөрийн шалгуурын дагуу үнэлсний үндсэн дээр зээл олгодог юм билээ. Давхар зээлтэй хүмүүст барьцаа хөрөнгөний асуудал үүсдэг юм шиг санагдсан. Бусдаараа зээлийн шалгуур нөхцөл боломжийн байсан.
- Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийн хүү, эргэн төлөлтийн хугацаа ямар байв, илүү сайжруулах чиглэлээр танд ямар нэгэн санал байна уу?
- Ер нь зээл аваагүй бизнес эрхлэгчдэд энэ төрлийн хугацаа богино зээл хамгийн тохиромжтой санагдсан. Давхар зээлтэй хүмүүст барьцаа хөрөнгө болон бусад санхүүгийн асуудал үүсэж магадгүй юм. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст дэмжлэг болъё гэвэл уян хатан нөхцөлтэй, хүү багатай зээл байх хэрэгтэй юм байна лээ. Миний хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдаж, үр шимийг нь хүртсэндээ баяртай байдаг.
- Та хөтөлбөрөөс хэрэгжүүлдэг зээлийн өмнөх болон дараах сургалтад суусан уу? Таны бизнест тус сургалтын үеэр заасан зүйлс хэрэглэгдэж байна уу?
- Зээлийн өмнөх болон зээл авсны дараах сургалтад цахимаар хамрагдсан. Сургалтаар олж авсан мэдлэг, сурсан зүйлүүд маань өдөр тутмын амьдралд хэрэг болсоор байна. Жишээ нь зээлээ хэдий хугацаанд төлөх, санхүү тооцооллоо хэрхэн гаргах, өдөр тутмын өртөг зардал, данс тооцоогоо хэрхэн хөтлөх, бизнесээ урт хугацаандаа яаж амжилттай үргэлжлүүлэх зэрэг амьдралд ойр олон зүйлүүдийг сурч мэдсэн.
- Бизнесээ анх эхлүүлж байхад танд тулгарч байсан бэрхшээлтэй асуудлууд юу байсан бэ?
- Гэр хороололд үйлчилгээний байгууллага нээж, ажиллуулахад дэд бүтэц сайн хөгжөөгүйн улмаас зарим нэг асуудлууд тулгардаг. Анх халуун усны газар нээхэд бохир, цэвэр усаа шийдвэрлэх, мөн 380 ватт тог цахилгааны асуудлуудыг шийдвэрлэхээс эхлээд олон бэрхшээл гарч байсан. Анх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч бизнесээ эхлүүлж байсан. Үйл ажиллагаа маань тогтворжиж эхлээгүй үед зээлийн эргэн төлөлт хийх хугацаа болсон байдаг нь бидэн шиг шинээр бизнес эхлүүлж байгаа иргэдэд бага зэрэг ачаалал өгдөг. Мөн хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа зогсоох, тэр хэрээрээ урсгал зардал гарах асуудлууд байсан.
- Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн үнэлэх вэ?
- Миний хувьд авсан зээлээ 100 хувь зориулалтынхаа дагуу ашиглаж, өрөөнүүдээ тохижуулсан. Өмнө нь банк бус санхүүгийн байгууллагаас сарын 3.9 хувийн хүүтэй зээл авсан байсан тул сарын төлөлт өндөр гээд хүн авч ажиллуулж чаддаггүй байсан. Гэтэл энэ төсөлд хамрагдаж, бизнесээ амжилттай өргөжүүлснээр үүсээд байсан хүндрэл бэрхшээлийг даван туулахад цагаа олсон тусламж болсон тул сэтгэл хангалуун байдаг. Хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжсэн энэ төрлийн хөнгөлөлттэй жижиг зээлийг олгож байгаа нь бизнесээ өргөжүүлэх, зарим хүмүүсийг бизнесээ авч үлдэхэд нь хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна.
- Одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
Одоогийн байдлаар 2 хүнийг цалинжуулж байна. Амралтын өдрүүдэд нэг туслах ажилтантай хамт ажилладаг. Тэр маань ар талд сантехник, бохироо хариуцаж, би доторх үйлчилгээгээ хариуцан ажилдаг.
- Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж буй аливаа үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатай байлгах зөвлөмжийг төслөөс өгдөг шүү дээ. Таны хувьд бизнесийнхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ямар хэмжээнд байдгийг судалж үзэв үү? Нөлөөллийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Манай бизнест цэвэр ус ихээр хэрэглэгддэг. Ус бол цэнхэр алт болчхоод байна шүү дээ. Тиймээс хүүхдүүдэд багаас нь усаа хайрлах ёстой гэдгийг ойлгуулах зорилгоор биеэ савандаж байхдаа усныхаа даралтыг багасгаарай, усаа хайрлаарай гээд санамж бичиг бичиж байршуулсан. Хүүхдүүд энэ санамжийг уншаад ээжээ усаа хаа гэж бичсэн байна гээд маш сайн биелүүлдэг. Томчууд ил хэлдэггүй ч гэсэн усаа хайрладаг байх гэж боддог.
- Ковидын хөл хорионы үеэр ямар зохицуулалт хийж ажилласан бэ?
- Засгийн газрын шийдвэрээ дагаад ажиллахдаа ажиллаад, хаахдаа хаагаад л болгосон доо. Тэр үед зээлийн хүү бага байсан болохоор сар сард нь төлөхөд гайгүй туссан. Одоо хөл хорио байхгүй тул нэг үеэ бодвол санаа зовох зүйлгүй болсон тул нэмэлтээр 2 ажилтан авах бодолтой байна.
Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.