админ, 5 сарын 10, 2022
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛӨӨС САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Ковид-19 цар тахлын үед нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд 2020-2021 онд албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа 247 мянган сайн дурын даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс нийт 52.1 тэрбум төгрөгийг олголоо.
УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулиудыг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар баталсан. Энэхүү нийгмийн хамгааллын цогц арга хэмжээний нэг нь сайн дураар даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын турш буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ээс 2021 оны 4 дүгээр сарын 1-ийг хүртэлх хугацаанд хөнгөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ажлыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ХНХЯ-аас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс санхүүжүүлсэн нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд онцгой байдлын үед нийгмийн даатгалын шимтгэлийн дэмжлэгийг түр хугацаанд олгосон үр дүнтэй арга хэмжээ болсон.
Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлснээр цар тахлын үеийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах, ажлын байраа хадгалах, эрхэлж буй бизнесээ цаашид үргэлжлүүлэн ажиллуулах, санхүүгийн эрсдэлтэй цаг хугацаанд нийгмийн даатгалын шимтэл төлсөн хугацаа нь тасралтгүй үргэлжлэх, хуульд заасан хугацаанд иргэд ажилгүйдлийн тэтгэмж болон нийгмийн хамгааллын бусад үйлчилгээг авах боломжийг ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчдад олгосон байна.