админ, 10 сарын 13, 2022
САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТЫН ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛНЭ
Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй хөгжүүлэх зорилготой цахим сургалтын платформыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү платформд хөдөлмөрийн салбарын ажилтнуудад зориулсан мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын модуль, хөтөлбөр, холбогдох материалуудыг байршуулах бөгөөд уг платформыг нэвтрүүлснээр ажлын ачаалал ихтэй, танхимын сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал салбарын ажилтнуудад өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бий болгохын зэрэгцээ цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой байна.
Уг сургалтын платформын хөгжүүлэлтийг хариуцан ажилласан байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр системийн программ хангамж ашиглалтын танилцуулга сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг сургалтад Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцлоо.