{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Танилцуулга

админ,   1 сарын 01, 2024


ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭМЖЛЭГ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨСӨЛ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн 20,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг 2020-2024 онд хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго

Төслийн зорилго нь ажил хайгч, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дэх боломжуудыг илүү хүртээмжтэй хүргэх, КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үед зохих шалгуур хангасан ажилчдад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх. Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн бодлого"-ын хэрэгжилтийн хүрээнд ажилгүйдлийг бууруулах, залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний удирдлагын мэдээллийн тогтолцоог шинэ түвшинд гаргаж, "Цахим засаглал" хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжинэ. 

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд:

Төсөл нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

Бүрэлдэхүүн хэсэг 1. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг “үйлчлүүлэгч-төвтэй” болгон хөгжүүлэх 

Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцөлийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, төрийн болон хувийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.

Бүрэлдэхүүн хэсэг 2. Хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг хөтөлбөрүүдийг сонгож, турших 

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих санхүүгийн болон санхүүгийн бус цогц дэмжлэг, арга хэмжээг зохион байгуулна. Төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг арга хэлбэр, үйл ажиллагаа бүхий орон нутгийн онцлогт нийцсэн төсөл санаачлан, туршин хэрэгжүүлнэ.

Бүрэлдэхүүн хэсэг 3. Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээг сайжруулах

Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн болон Ажиллах хүчний судалгааг өргөжүүлэн зохион байгуулахад холбогдох судалгаа, шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Бүрэлдэхүүн хэсэг 4. КОВИД-19 цар тахлын үед шаардлага хангасан албан журмын даатгуулагчдад НДШ-ийн хөнгөлөлтийн дэмжлэг олгох 

КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үед сайн дурын даатгалд хамрагдаж буй 120,000 орчим ажиллагчдыг 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн. Сайн дурын даатгалд хамрагдаж буй иргэдийн ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч, малчид, хөдөө аж ахуйн салбар болон албан бус салбарт ажиллаж байгаа цалин хөлстэй ажиллагчид байв.

                

Бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь залуучууд болон бусад эрсдэлтэй бүлгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг онцолж, хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшлийг идэвхтэй оролцуулна.

Төслийн хүлээгдэж буй үр дүн:

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн үйлчилгээний орчин нөхцөл сайжирч, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн систем шинэчлэгдэн, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн байна.
  2. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан иргэдийн бизнес эрхлэх чадавх дээшилж, үйл ажиллагаа нь тогтворжин, өргөжсөн байна.
  3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн онцлогт нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг санаачлан, туршин хэрэгжүүлсэн байна.
  4. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмж сайжирсан байна.
  5. КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үед сайн дурын даатгалд хамрагдаж буй ажиллагчид нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна.

Төслийн хүрээнд зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа нь  байгаль орчинд ээлтэй, нийгэм, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэгдэнэ.