админ, 11 сарын 01, 2024
“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-т хамрагдан хүнд машин механизмын оператор мэргэжил эзэмшиж буй иргэдийн ярилцлага
Б.ЦЭНД: БИ НУТАГТАА БУЦАЖ ОЧООД ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАНА
Хүнд машин механизмын оператор мэргэжлийг эзэмшихээр суралцаж буй Б.Цэндтэй ярилцлаа. Тэрбээр малчин бөгөөд 37 настай, эхнэр 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт суманд амьдардаг.
Сурвалжлагч: Сайн байна уу, та “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-т хэзээнээс хамрагдсан бэ?
Б.Цэнд: Би эгчийнхээ хамт “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-т хамрагдаж байгаа. Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод ирээд мэргэжил олгох сургалтад суугаад нэг сарын хугацаа өнгөрлөө. Удахгүй төгсөлтийн шалгалтаа өгөөд мэргэжлийн үнэмлэхтэй болно.
Сурвалжлагч: Та өмнө нь ямар мэргэжил эзэмшиж байсан бэ?
Б.Цэнд: Би дунд ангиа төгсөөд шууд малчин болсон. Өмнө нь мэргэжил эзэмшиж байгаагүй. Тиймээс уг хөтөлбөрт хамрагдан өөрийн гэсэн мэргэжил, ур чадварыг эзэмшиж байгаадаа маш их баяртай байна.
Сурвалжлагч: Та мэргэжил олгох хөтөлбөрийн талаарх мэдээллийг анх хаанаас олж мэдсэн бэ. Яагаад хүнд машин механизмын оператор мэргэжлийг сонгох болов?
Б.Цэнд: Хөтөлбөрийн талаар миний төрсөн эгч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс анх мэдээлэл авсан. Тэгээд тус хөтөлбөрт намайг болон өөрийгөө бүртгүүлээд бид Улаанбаатар хотод ирсэн. Манай нутагт уул уурхайн салбарын компаниуд олноор үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс миний сонгосон мэргэжлийн ажлын байрны орон тоо их байдаг учраас сонгосон юм. Сургалтын явцад 6-7 төрлийн техник дээр ажилласан. Тэгэхдээ миний хувьд экскаватор дээр дагнан суралцаж байна.
Сурвалжлагч: Та сургалтын чанар, зохион байгуулалтын талаарх сэтгэгдэлээ хуваалцана уу?
Б.Цэнд: Би зорьсон мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцаж өөрийн гэсэн мэргэжил, ур чадвартай болж байгаадаа маш их баяртай байна. Техник технологийн политехникийн коллежийн багш нар хичээлээ мэргэжлийн түвшинд явуулдаг ба сургалтын арга барил нь миний санаанд маш сайн нийцдэг. Бид эхлээд компьютер дээр дадлага хийж байсан бол одоо техник дээр практик дадлага хийгээд төгсөнө. Сургалтаа төгсөж мэргэжлийн үнэмлэхээ аваад нутагтаа очоод хүнд машин механизмын оператор мэргэжлээрээ ажиллана.
Х.УУГАНТУЯА: ОЛОН ЗАЛУУСТ СУРЧ, ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА
Хүнд машин механизмын оператор мэргэжлийг эзэмшихээр суралцаж буй Х.Уугантуяатай ярилцлаа. Тэрбээр загвар зохион бүтээгч мэргэжилтэй бөгөөд 40 настай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас тус хөтөлбөрт хамрагдаж байна.
Сурвалжлагч: Сайн байна уу, та ямар мэргэжилтэй вэ?
Х.Уугантуяа: Сайн байцгаана уу, би загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн оёдлын урландаа үндэсний дээл болон захиалгат хувцас оёдог.
Сурвалжлагч: Уг хөтөлбөрт тэр дундаа хүнд машин механизмын операторчийн ангид эмэгтэй үйлчин бүсгүй суралцаж байгаа нь их сонирхол татаж байна. Яагаад энэ мэргэжлээр суралцах болов?
Х.Уугантуяа: Би өөрөө автомашин, техних хэрэгсэлд их сонирхолтой хүн. Тиймээс өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд энэ мэргэжлээр суралцахаар шийдсэн. Өмнө нь суралцахаар сонирхсон ч сургалтын төлбөр нь үнэтэй санагддаг байсан. Харин одоо “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-т хамрагдсанаар хүссэн мэргэжлээ үнэ төлбөргүй эзэмших боломж олдлоо. Би сургалтаа төгсөөд уурхайд ростероор ажиллах бодолтой байгаа, 14 хоног уурхайд ажиллаж ирээд 14 хоног амрахдаа өөрийн урландаа үйлээ урлана.
Сурвалжлагч: Та сургалтын талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?
Х.Уугантуяа: Би Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн цахим хуудаснаас тус хөтөлбөрийн талаар мэдээллийг авсан. Бүр бүртгэл дуусах сүүлийн өдөр нь мэдсэн. Тэгэхдээ амжиж бүртгүүлсэн тэр өдөр их азтай байсан шүү.
Сурвалжлагч: Мэргэжлээ хэр сайн эзэмшиж байна. Сургалтын талаар хуваалцвал?
Х.Уугантуяа: Манай багш нар их мундаг. Би компьютер дээрх дадлага, хичээлүүдээ маш сайн судалсан. Одоо техник дээр практик дадлагад гарна. Уг хөтөлбөр дахин зохион байгуулагдвал өөр мэргэжлээр суралцах сонирхол байгаа. Олон залууст сурч, хөгжих боломжийг олгосон өгөөжтэй хөтөлбөр болж байна.
Б.СҮХБАЛСАН: НУТАГТАА ОЧООД МЭРГЭЖЛЭЭРЭЭ 3-4 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛД ОРНО
Хүнд машин механизмын оператор мэргэжил эзэмшихээр суралцаж буй Б.Сүхбалсантай ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд мал аж ахуй эрхэлдэг бөгөөд 42 настай. Тэр бол Хүнд машин механизмын операторчоор суралцахаас гадна давхар Ковшийн оператор мэргэжлээр бие даан суралцаж буй хичээнгүй суралцагч юм.
Сурвалжлагч: Сайн байна уу, "Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн онцлох давуу талыг юу гэж харж байна?
Б.Сүхбалсан: Би бага сургуулиа төгсөөд малчин болсон. Одоо 42 насандаа мэргэжил эзэмшихээр ийнхүү суралцаж байна. Уг хөтөлбөр нь суралцагчаас ямар ч төлбөр авахгүйгээр Улаанбаатар хотод суралцаж ажил мэргэжилтэй болох боломжийг олгож нь байгаа нь онцлог санагдсан. Мөн өөрийн суралцах цагаа зохицуулан давхар Ковшийн оператор мэргэжил эзэмшиж байгаа. Хос мэргэжилтэй болж байгаадаа маш их баяртай байна.
Сурвалжлагч: Та сургалтаа төгсөөд ажиллах ажлын байрны талаар судалсан уу?
Б.Сүхбалсан: Тэгэлгүй яахав. Би уурхайд ажиллана гэж бодож байгаа. Хүнд машин механизмын операторч мэргэжлээр ажиллахад цалин 3-4 сая орчим байдаг гэсэн. Мэргэжлээрээ нутагтаа ажиллах бүрэн боломжтой.