{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
С.ЦОГТБААТАР: ХҮСЭЛ СОНИРХЛЫНХОО ДАГУУ 45 НАСАНДАА МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ЦААШИД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

админ,   4 сарын 07, 2025


Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалтын цогц “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” нь 2023 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд уг хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй хийсэн товч ярилцлагыг тоймлон хүргэж байна.

ГАГНУУРЧИН

- Юуны өмнө танд ур чадварын чадамжийн гэрчилгээгээ авсанд тань баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулна уу.

- Баярлалаа. Намайг Сээрийн Цогтбаатар гэдэг. 45 настай. Би эхнэр, 3 охины хамт амьдардаг. Одоогоор Налайх дүүргийн татварын газарт жижүүр хийдэг. Өнөөдөр гагнуурын мэргэжлээр төгсөж, гэрчилгээгээ гардаж авлаа.

- Та өмнө нь ямар мэргэжил эзэмшиж байсан бэ.

- Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Энэ хугацаанд үндсэн мэргэжил эзэмшиж амжаагүй байж байгаад, өнөөдөр өөрийн хүсэл сонирхлын дагуу гагнуурын мэргэжлээр суралцаж, чадамжийн үнэлгээний гэрчилгээгээ авсандаа маш их баяртай байна.

- Та сургалтын чанар, зохион байгуулалтын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу.

- Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд мэргэжлийн чиглэлийн хичээлүүдээс гадна хувь хүний харилцаа хандлага буюу зөөлөн ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага гээд хөдөлмөрийн харилцааны бүх түвшинд хэрэгцээт олон талын мэдлэг, мэдээллийг авч чадлаа. Бага гэлтгүй энэ богино хугацаанд хүн хэдэн ч насандаа суралцах боломжтой байгаад нь маш их талархалтай хандаж байгаа ба цаашид энэ боломж бололцоог олон хүн аваасай хэмээн хүсч байна. 

- Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар таны амьдралд ямар өөрчлөлт, үр нөлөө гарсан бэ.

- Хөдөлмөрийн харилцаан дахь олон боломж, шат нээгдсэн хэмээн харж байна. Гэрчилгээгээ бариад, Монголын томоохон компаниудад ажиллах боломжтой байгаа нь хамгийн их давуу тал болов уу. Мөн өрхийн орлого нэмэгдэх үндэс суурь болж, олон аавын гэр бүлийн амьжиргааны түвшин нэмэгдэх өндөр ач холбогдолтой хөтөлбөр болж байна. Та бүхэнд маш их баярлалаа.

- Танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. 

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ

- Юуны өмнө танд ур чадварын чадамжийн гэрчилгээгээ авсанд тань баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулна уу.

- Баярлалаа. Намайг Нэргүйн Доржцэмбэл гэдэг. 27 настай. Гэр бүлийн хүний хамт амьдардаг. Өнөөдөр сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авсан.

- Та өмнө нь ямар мэргэжил эзэмшиж байсан бэ.

- Би энэхүү хөтөлбөрт давтан суралцагчаар төгсөж байна. Өмнө нь тогоочоор мэргэжил эзэмшиж төгсөөд, саяхныг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байсан. Харин энэ удаа сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр суралцаж, гэрчилгээгээ авлаа.  

- Та сургалтын чанар, зохион байгуулалтын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу.

- Энэхүү хөтөлбөрт дахин хамрагдсандаа баяртай байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд өөрт хэрэгцээт бүх мэргэжлийн мэдлэгт суралцлаа. Мөн миний хувьд хамгийн таалагдсан зүйл гэвэл ажил олгогчийн шаардлагад нийцсэн бүх төрлийн сургалт, үйлчилгээг цогцоор өгч байгаад нь маш их талархалтай хандаж байлаа. Та бүхэнд баярлалаа.

- Баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

 

ЦАХИЛГААНЧИН

- Юуны өмнө танд ур чадварын чадамжийн гэрчилгээгээ авсанд тань баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулна уу.

- Баярлалаа. Намайг Жанабекийн Маркулан гэдэг. 18 настай. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийг төгссөн. Өнөөдөр цахилгааны мэргэжил эзэмшээд төгсөж байна.

- Цаашдын зорилго тань юу вэ. Мөн сургалтын чанар, зохион байгуулалтын талаарх сэтгэгдэлээ хуваалцана уу.

- Сургалтын хугацаанд цахилгаан өргөн цар хүрээний мэдлэг, сургалтыг олж авч чадлаа. Цаашид энэхүү төгссөн мэргэжлээрээ “Оюутолгой” компанид ажиллах төлөвлөгөөтэй байгаа ба мөн мэргэжлээрээ 2 жил ажилласны дараагаар ахин мэргэжлээ дээшлүүлэх талаар төлөвлөж байна. Мөн хөтөлбөрт хамрагдснаар хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээт мэргэжлээр суралцах боломжтойгоос гадна Энэхүү мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд олж авах боломжийг олгосон таны байгууллага, төслийн багийнханд баярлалаа.

- Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар таны амьдралд ямар өөрчлөлт, үр нөлөө гарсан бэ.

- Мэдээж үндсэн мэргэжлийн ойлголт болох цахилгаан холболт, аянга хамгаалалт, гэнэтийн ослын хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг чухал мэргэжлийн ойлголтоос авч байгаагаас гадна хувь хүний хөгжилд анхаарсан цогц хосолсон хөтөлбөр байсан нь маш их сонирхолтой байсан. Миний хувьд одоогоор мэргэжлээрээ ажиллаад явж байна.

- Баярлалаа.  Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.




Судалгаа, Мэдээлэл