админ, 12 сарын 29, 2021
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийг хэрэгжүүллээ. Байнгын асаргаанд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүд ажил хийх нөхцөл боломжоор хязгаарлагдмал, асаргааны мөнгөнөөс өөр орлогогүй байдгаас хүүхдүүд эмчилгээ, эм тариа, хоол хүнсний дутагдалд орж, өрхийн амьжиргааны түвшин доогуур орлоготой нэн ядуу өрхийг бий болгож байгаа төдийгүй өөрсдөө найз нөхөд, гэр бүл, нийгмээс тусгаарлагдан, сэтгэл санааны хямралд орж, өөртөө итгэх итгэлгүй болсон байдаг.
Энэ нөхцөл байдлыг харгалзан Хан-Уул дүүргийн ХХҮХ тэдгээр эцэг, эхчүүдэд гэртээ хүүхдээ асрангаа өрхийн жижиг үйлдвэрлэл эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд судалгаа явуулж, дүүргийн 21 хорооноос 84 асран хамгаалагчдыг өөртөө итгэл итгэлийг нэмэгдүүлэх, урам зориг, сэдэл өгөх зорилготой хувь хүний хөгжлийн сургалтад хамруулсан.
Түүнчлэн тэдгээр иргэдийг гар урлал - гоёл чимэглэл, саван, банны давс, лаа гэх зэрэг ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эсгий урлал, гэрийн нөхцөлд мөөг тариалах, зөөлөн тоглоом, оёдлын сургалт гэсэн 5 чиглэлээр өрхийн үйлдвэрлэлийг бий болгох дадлагажуулах сургалтад сонирхол, хэрэгцээнд нь нийцүүлэн хамруулсан.Ийнхүү тэд 2021 оны 12 сарын 28-ны өдөр тэдгээр иргэд хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүнийхээ үр шимийг хүртэн, бие биентэйгээ сурсан мэдсэн зүйлүүдээ хуваалцан, цаашид хэрхэн хамтарч багаар ажиллах тухайгаа төлөвлөн ярилцаж байна.
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн ХХҮХ-ийн хамт олон болон хамтран ажилласан бусад байгууллага, хувь хүмүүст баяр хүргэе.