админ, 2 сарын 15, 2022
Орон нутгийн санаачилгын төслийн үр дүн, сургамж, туршлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Орон нутгийн санаачилгын төслийн үр дүн, сургамж, туршлагыг танилцуулах уулзалтыг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн санаачлан боловсруулсан 11 төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийт 787,9 сая төгрөгийн санхүүжилтийг хуваарилсан байна. Орон нутгийн санаачилгын төслүүдийг ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг үйлчилгээ, арга хэмжээг туршин хэрэгжүүлэх, улмаар үр дүн, сургамж, туршлагыг үндэсний бодлого, арга хэмжээнд тусган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн. 2020-2021 онд 8 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжсэн тэдгээр 11 төслийн арга хэмжээнд нийт 2,100 хүнийг хамруулснаас 1,079 нь эмэгтэйчүүд, 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Орон нутгийн төслийн үр дүнд 859 хүн ур чадвар олгох сургалтад хамрагдаж, 454 хүн байнгын ажлын байртай болсон.