админ, 2 сарын 17, 2022
С.БАТЦЭЦЭГ: “ДҮҮЖИН ДААЖИН” ГЭХ ХҮҮХДИЙН ХУВЦАСНЫ БРЕНДТЭЙ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
Хувиараа бизнес эрхлэгч С.Батцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хүүхдийн биед сөрөг нөлөөгүй органик даавуугаар хүүхдийн өлгий, хувцас оёж, чанартай бүтээгдэхүүнээрээ монголчуудад танигдаж буй нэгэн. С.Батцэцэг дүүжин даажин хэмээх цахим хуудас ашиглаж, түүгээрээ бүтээгдэхүүнээ борлуулдаг билээ.
-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?
- Намайг С.Батцэцэг гэдэг. Дизайнер мэргэжилтэй. Сургуулиа төгсчихөөд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад гурван жилийн өмнө Монголдоо ирж, хүүхдийн хувцас оёж байна.
-Хэчнээн төрлийн хувцас оёж байна вэ. Та эсгүүр, загвараа гаргадаг уу?
- 30 гаруй нэр төрлийн хувцас И-Март сүлжээ дэлгүүрт нийлүүлж байгаа. Мөнгөтэй бол олон төрлийн хувцас хэрэглэл нийлүүлэх боломжтой. Би эсгүүр, загвар, оёдолоо өөрөө хийдэг.
- Хүүхдийн хувцас оёх санааг хэрхэн гаргасан бэ?
- БНСУ-д хүүхдийн хувцас маш үнэтэй байдаг. Тэнд хүүхдийн цамц 100 мянга гаруй төгрөгийн үнэтэй. Би хулсан даавуугаар хийсэн цамцаа 21 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин БНСУ-д 21 мянган төгрөгийн хулсан даавуун цамц байхгүй. БНСУ-д байхдаа найзыгаа төрөхөөр нь эргэсэн юм. Гэтэл хүүхдийн өлгий, хувцас маш үнэтэй байсан. Тэгээд Монголд оруулж ирж зарах гэтэл манайд борлуулалт муу байсан. Тэгэхээр нь даавуу нь худалдан авч, хувцас оёхоор шийдсэн юм.
- Та бараагаа хэрхэн борлуулдаг вэ. Таны оёсон хувцас ямар үнэтэй вэ?
- Би И-Март сүлжээтэй дэлгүүртэй гэрээ байгуулаад гурван жил болж байна. Тус дэлгүүрийн хоёр салбарт нь хувцсаа зардаг. Мөн онлайн худалдаагаар зардаг. Манай бүтээгдэхүүн 25-30 мянган төгрөгийн хооронд байдаг. Даавуу 10-14 хоногт ирдэг байсан. Харин хил хаасантай холбоотойгоор долдугаар сард захиалсан даавуу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Үлдэгдэл даавуугаараа хувцсаа хийж байгаа. Тэгэхээр сонголт муу болчихоод байгаа юм. Монголоос даавуу авахаар чанар хангахгүй хэцүү юм.
- Хүүхдийн хувцсаа гадаад орнуудад нийлүүлэх бодол байна уу?
- Гадаад руу гаргах бодол бий. Гэхдээ манай улсад тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй. Тэгэхээр эхлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, олон хүнд танигдах шаардлагатай байгаа.
- Дэлхийн банкны төслийн хүрээнд олгосон зээлийг хэзээ авсан бэ? Зээлийн шалгуур ямар байв?
- Би есдүгээр сард 10 сая төгрөгийн зээл авсан. Манайх зээлээ хангалттай төлж чадаж байгаа. Шалгуураас гадна барьцаа их чухал юм билээ. Хөдөлмөр эрхлэлтийн зээлээр гурван оёдлын машин авсан. Хүүхдийн хувцас оёход үйлдвэрийн машин чухал байдаг. Тийм болохоор олон төрлийн оёдлын машин авч ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Тусгай зориулалттай машин 2-3 сая төгрөгийн үнэтэй болохоор худалдан авахад хүндрэлтэй байгаа.
- Зээлээ дарж дуусаад хуримтлалтай болчихвол төрөл бүрийн хувцас оёх боломж бүрдэх байх?
- Одоогийн байдлаар олсон мөнгөөрөө өөртөө ч хувцас авахгүй оёдлын даавуунд зарцуулж байна. Манайх даавуугаа БНСУ-аас авдаг. Мөн туслах материалууд болох өнгийн утас, товчоо хамт захиалдаг.
- Танайх өдөрт хэчнээн хувцас оёж байна вэ. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
- Өдөр бүр харилцан адилгүй. Дунджаар нэг оёдолчин 100 өмд, 50 цамц хийдэг. Манайх гурван оёдолчинтой. Удахгүй 40 оёдолчинтой болж, оёдлын үйлдвэртэй болохыг мөрөөддөг.
- Танай бүтээгдэхүүн ямар нэртэй борлуулагддаг вэ?
- Манай хувцас “Дүүжин даажин” гэх нэртэй. Монголд хүүхдийн хувцас хийдэг үйлдвэр тун цөөхөн. Тийм болохоор хүүхдийн хувцасны дүүжин даажин гэх брендтэй болохыг хүсдэг.
Эх сурвалж: С.БАТЦЭЦЭГ: “Дүүжин даажин” гэх хүүхдийн хувцасны брендтэй болохыг мөрөөддөг (ergelt.mn)